Амины Орон Сууцанд Гадна бохир усны шийдэл

Нийтлэл

Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй тохиолдолд гадна бохир усны систем амины орон сууцнөэд шийдэхэд хэд хэдэн шийдэл байдаг.

Үүнд:

- Септик систем

- Бага оврын цэвэрлэх байгууламж 

- Соруулдаг систем буюу бохир усыг цэвэршүүлэхгүйгээр нөөцлөх

Гадна бохир усны системийг төлөвлөхөд газрын геологийн дүгнэлт, цахилгааны хангамж, хашааны зай талбай, өндөржилт зэрэг үзүүлэлтүүд нь ямар систем сонгоход шууд нөлөөлнө. \

Септик систем нь хайрган шороон хөрстэй, хөрсний усгүй, шаварлаг биш хөрсөнд хамгийн тохиромжтой. Мөн цахилгаан хангамж тасалддаг, төвлөрсөн шугамаас хол, төсвийн хувьд хэмнэлт хийхийг хүсвэл хамгийн зөв шийдэл болно. Септик систем нь ахуйн бохир усыг 3 үе шаттайгаар нэмэлт цахилгаан шаардахгүйгээр цэвэршүүлдэг технологи юм. Эхлээд септик тунгаагч танк дотор хүнд элемент лагийг тунгааж хөнгөн элемент буюу өөх тос хөвж анхны тасалгаанд тунах цэвэрлэгээ хийгдэнэ. Дараагийн шатанд уг танк нь хүчилтөрөгчгүй бүрэн битүүмжлэлтэй тул хүчилтөрөгчгүй орчинд үүсдэг анаэробик бактер үржиж биологийн цэвэрлэгээ хийгдэнэ. Хамгийн сүүлд хүнд элемент хольцгүй, халдваргүйжүүлсэн саарал ус нь шүүрүүлэх талбайгаар дамжин хөрсөнд шингээгдэнэ. Шүүрүүлэх талбайн доор нь том ширхэгтэй хайрга дэвсэж өгдөг ба энэ хэсэг нь нэмэлт цэвэрлэгээ болж өгдөг. 

Системийг 1-2 жилд танкны түвшингийн 1/3-д лагийн түвшин очих үед соруулдаг систем юм. Иймд систем нь ашиглалтын зардал бага, төлөвлөхөд хялбар, хөрөнгө оруулалт бага шаарддаг, сервис бага шаарддаг энгийн систем юм. Септик систем нь MNS 4943 стандартын шаардагыг хангаж байх шаардлагатай байдаг.

 

Харин хөрсний нөхцлөөс хамаараад өөрөөр хэлбэл:

- Хөрсний устай,

- Цэвдэгтэй,

- Хадтай зэрэг нөхцөлд бага оврын цэвэрлэх байгууламж эсвэл соруулдаг танк суурилуулах нь илүү тохиромжтой байдаг.

Ашиглалтын хувьд соруулдаг танк нь ашиглалтын зардал ихтэй, өөрөөр хэлбэл хэчнээн хэмжээний ус хэрэглэнэ төдий хэмжээгээр соруулна гэсэн vг. Бохирын системүүдээс ашиглалтын зардал хамгийн багатай нь септик систем,цэвэрлэгээний түвшин хамгийн өндөртэй нь бага оврын цэвэрлэх байгууламж юм